Хөвсгөл аймгийн үзэсгэлэнт газрууд

Монгол улсын хойморт оршдог Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагдсан. Хойд талаараа ОХУ, баруун зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот нь Дэлгэр мөрний хөндийд далайн төвшнөөс дээш 1283 метр өндөрт оршино. Улсын нийслэлээс баруун хойш 671 км зайтай ба 23 сум, 1 тосгон, 128 багтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 100,600 мянган хавтгай дөрвөлжин километр. Хөвсгөл аймаг нь Монголын хамгийн олон хүн амтай  аймаг.

Хөвсгөл аймгийн нутагт цаг агаарын хэлбэлзэл их, зуны хамгийн дулаан vе 7 дугаар сард +15 - +20 хэм, хамгийн их дулаан +34, өвлийн хамгийн хvйтэн vе 1 дvгээр сард –24 - -49 хэм, зарим жил –49 -52 хэм хvйтэрдэг. Жилийн дундаж тунадасны унах хэмжээ нутгийн хойд хэсгээр 300 – 400 мм, өмнө талаар 200 – 300 мм байх бөгөөд дийлэнх нь 7 – 8 дугаар сард унана. Тиймээс та Хөвсгөл аймгийн нутгаар аялах гэж байгаа бол орон нутгийн цаг уурын нөхцөлд тохирсон гутал хувцас сонгон хэрэглэж тав тухтай аялаарай.

Хөвсгөл аймгийн хамгийн өндөр уул болох Соёны нурууны оргил ''Мөнх сарьдаг'' уул юм. Соёны нуруу нь Монгол улсын баруун хойд хэсэг болон өвөр Сибирьт байдаг уулархаг бүс нутаг юм. Зүүн соён ба баруун соён гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Баруун соён нь Бүгд Найрамдах Тува Улсад, зүүн Соён нь Хөвсгөл аймагт оршдог. Хамгийн өндөр цэг нь Хөвсгөл аймагт байх ''Мөнх сарьдаг'' уул бөгөөд 3491 метр өндөр. Алтай Соёны экобvс нутаг нь Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гаас тодорхойлсон дэлхий дээрх зайлшгvй хамгаалбал зохих 200 экобvс нутгийн нэг юм.